Хөвсгөлд газар хөдлөлт бүртгэх 5 станц ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт газар хөдлөлт бүртгэх 5 станц тогтмол ажиллаж байна.
Тодруулбал, Хөвсгөл нуурыг тойруулаад автоматаар газар хөдлөлт бүртгэх нүүдлийн 4 станцыг 2021 оны 1 дүгээр сард суурилуулсан байна. Мөн бүсийн голын газар хөдлөлтийн идэвхжилттэй газар нутаг учраас Цагааннуур суманд газар хөдлөлтийг бүртгэх байнгын өргөн зурвасын нэг станцыг өнгөрсөн оны 10 дугаар сард суурилуулжээ.
Хөвсгөл нуурын газар хөдлөлийн идэвхжил саарвал 4 станцыг өөр аймагт нүүлгэн шилжүүлэх гэнэ. “Тус аймагт өнгөрсөн оны 1 дүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 94500 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний дотор 3,5 магнитудаас дээш 234 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна” гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.