Өсвөр үеийн шигшээ багийг нэг төрөлд 10-15 тамирчны бүрэлдэхүүнээр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-30 15:33:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ыын ээлжит VII хуралдаанаар аймгийн Засаг даргын дэргэд "Өсвөр үеийн шигшээ багийг зохион байгуулах журам"-ыг баталлаа.

Журамд зааснаар шигшээ багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд спортын нэг төрөлд 10-15 хүний бүрэлдэхүүнтэй, эхлэн суралцагчдыг  тоо  нь 20-30 тамирчинтай байх юм.

Харин шигшээ багт багтах тамирчдыг сонгохдоо:

- Ур чадвартай, өндөр амжилт  гаргах  магадлалтай, бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүй, бэлтгэлжилтийн түвшинд тавигдах шалгуурт нийцсэн байх;

- Сахилга бат, харилцааны соёл, хариуцлага хүлээх чадвар, ёс зүйн шаардлагад нийцэх эсэх;

- Эрүүл мэндийн хувьд тухайн спортын төрлөөр хичээллэхэд тавигдах шаардлагыг хангасан байх;

- Тухайн спортын төрлөөр аймаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд тодорхой амжилт гаргасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэх аж.

Шигшээ баг байгуулснаар спортын төрөл, багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, цалинжуулах, баг тамирчдыг  спортын хувцас, хэрэглэл материалаар хангах, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход байр, хоол гэх мэт зардлын  асуудлыг шийдвэрлэх үүргийг аймгийн Засаг дарга хүлээнэ.

Харин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын унааны зардлыг шийдвэрлэх, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээр ивээн тэтгүүлэх ажилд  туслалцаа  дэмжлэг  үзүүлэх, тамирчдад зэрэг олгох, цол олгуулахаар уламжлах, бэлтгэл сургууль хийх орон байраар хангах зэрэг асуудлуудыг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажиллах ажээ.

Уг асуудлаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнараас тодруулахад, "Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийг жүдо,  чөлөөт бөх, сагсан бөмбөг,  волейбол, хөл бөмбөг, таеквондо, бокс, хүндийн өргөлт зэрэг спортын 8 төрлөөр байгуулахаар Засаг даргын захирамж гарсан.  Спортын нэг төрөлд 10-15 тамирчин байхаар шигшээ багийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ шаардагдах төсөв одоохондоо батлагдаагүй байгаа учир үйл ажиллагаа нь эхлэх болоогүй" гэлээ. 

相关新闻