Хөвсгөл аймаг 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдөр “Удирдах ажилтны ажилтны зөвлөгөөн” болж 200 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэрлэсэн жил болгон зарлалаа.
Тус аймгийн нийт хүн амын 67,6 хувь нь хөдөлмөрийн насны иргэд юм. Хөдөлмөрийн насны иргэдийн 60 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам, 40 хувийг ажиллах хүчнээс гадуурх хүн ам эзэлж байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 52.9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 10.3 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, 3,2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна.
Өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг зохион байгуулж, судалгаанд үндэслэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдэл, ядуурлын түвшнийг бууруулах зорилго тавиад байна.
Үүний үр дүнд 4000-аас доошгүй түр болон байнгын ажлын байрыг бий болгон, 20-оос доошгүй бичил үйлдвэрлэлийг шинээр байгуулж, 24 суманд хоршоо, нөхөрлөлийг дэмжсэнээр ядуурлын түвшнийг 0,5 пунктээр, ажилгүйдлийн түвшнийг 2 пунктээр бууруулж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг 5 хувиар өсгөхийг зорьж байгаа ажээ.