Хүн ам ихтэй багийг хуваана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-25 14:40:13
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сум хүн амын тоогоор улсдаа тэргүүлдэг. Нийт 22 багт хуваагддаг бөгөөд төвийн долоо, гэр хорооллын 15 багтай. Нэг багт 4640 гаруй хүн ноогдож байгаа нь улсын дунджаас гурав дахин их байгаа юм.

Тиймээс хүн ам ихтэй Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багуудыг хуваан шинээр дөрвөн баг байгуулах саналыг ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Жишээ нь, 6100 хүн амтай Эрдэнэ багийг хувааж Чингэл, Яргуйт багийг хувааж Баян-Овоот, 7000 гаруй хүн амтай Цагаанчулуут багийг хувааж Найрамдал, Эрдэнэт болгох санал гаргасан байна. Шинээр үүсгэх багуудын нэршлийг тус багийн иргэд болон ИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан саналд үндэслэн тогтоосон байна. Мөн иргэдийн хаягийн шилжилт, шинээр үүсгэсэн багт шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчний зардал зэрэг санхүүгийн тооцооллыг эхний байдлаар гаргасан байна. Уг асуудлыг  энэ сарын 30-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж батална.  Хэрэв батлагдвал 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Баян-өндөр сум 26 багтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

 
  

相关新闻