О.Амартүвшин: Төр хувийн хэвшлийн түншлэл нь “Шинэ сэргэлт”-ийн амин сүнс нь байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-23 09:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд болсон "Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гаргасан санал, хэлсэн үгийг хүргэж байна.


Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Төр, засаг аж ахуйн ажлаасаа салах алхмыг хийж байгаа нь таалагдаж байна. УИХ, Засгийн газар төрийн хүнд суртлыг багасгах, хөгжлийг түргэтгэх хэд хэдэн уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан. Сайн үр дүнд хүрэхийн тулд бид ярилцаж байна. Хувийн хэвшлийнхэн асуудлыг том зургаар хардаг болсон.

Том төслүүдийг хэрэгжүүлж байж монголчуудын амьдрал дээшилнэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Олон нийтийн хувьцаат компани байгуулаад аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье. Төслүүдийн ТЭЗҮ хийх болон судалгаа шинжилгээ хийхэд хувийн хэвшил хурдтай манлайлж ажиллах боломжтой. Хууль эрх зүйн орчин илүү сайжрахыг хүлээж байна.




МҮХАҮТ-ын ерөнхиийлөгч О.Амартүвшин, “Танхим Сангийн яамтай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг энгийнээр авч үзвэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц юм.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардах 90 гаруй төсөл ярьж байгааг бид эдийн засгаа тэлэх том боломж гэж үзэж байна. Төр хувийн хэвшилдээ итгэл үзүүлж, дэмжих замаар үүнийг шийдэх боломжтой. Нөгөө талаас төр өөрөө хамтын түншлэлд бэлэн үү, хувийн хэвшлийнхэндээ бүрэн дүүрэн итгэж байна уу гэдэг асуудал байна. Дотоодын ААН-үүддээ итгэж, дэмжихгүй бол гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж манай улсад хөрөнгө оруулах вэ?




Төрийн дангаараа хийх гэж буй төсөлд хувийн хэвшлийн оролцоог хангая, хувийн хэвшлийн төсөлд төрийн концессын олон хэлбэрийг нэвтрүүлье гээд хамтрах боломжтой төслүүдэд зөв уялдаа холбоог нь хангах зорилготой төслийн нэгжийг байгуулсан. Төр хувийн хэвшлийн түншлэл нь Шинэ сэргэлт”-ийн амин сүнс нь байх ёстой.

Төр хатуу итгэл үнэмшилтэйгээр аж ахуйн үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Төрд байгаа 106 компанийн ихэнх нь алдагдалтай, цөөн хэдэн компанийнхаа орлогоор нийт алдагдлаа балансалдаг. Хувьчлах юм бол илүү ашигтай. Эцсийн дүндээ үр дүн, гарц чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшил тэлэх тусам татварын орлого нэмэгдэж, итгэлцэл бий болно.




МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл юм. МҮХАҮТ-ын тухай хуульд Танхимуудыг эдийн засгийн салбараар дагнасан байдлаар байгуулахаар тусгасан хуулийн шинэчлэлийг Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэн шуурхай хэлэлцэхээр болсонд таатай байгааг бизнес эрхлэгчид болон Танхимын гишүүдийн өмнөөс илэрхийлье”.



相关新闻