Хэвтэн эмчлүүлэгчдийн 96.7 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-22 15:58:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварт өвчлөл дэгдэлтийн түвшинд байна. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар 7563 хүн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсний 1161 буюу 15 хувь нь томуу, томуу төст өвчлөлөөр бүртгэгдсэн байна.

Үүний 94.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд бөгөөд одоогоор 0-11 сартай 201, нэг хүртэл насны 196, 2-4 насны 436, 5-9 насны 210, 10-14 насны 50 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвджээ.

Өнгөрөгч долоо хоногт 211 хүн амьсгалын замын цочмог халдварт өвчлөл буюу коронавирусний улмаас хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх долоо хоногоос долоон хувиар нэмэгдсэн байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн 96.7 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Богд, Баянгол суманд өвчлөл өндөр байгаа ба Арвайхээр, Богд сум тахал тархалтын түвшинд байна.

Тиймээс дээрх сумдын Онцгой комиссын хурлаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг аймгаас өглөө. Аймгийн Засаг дарга А.Ишдорж “Хүүхдүүд хичээл, сургалтын хоцрогдолтой яваа учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нийтээр нь хязгаарлахгүй. Томуу, томуу төст өвчлөл их байгаа цэцэрлэгүүдийг судалж, хэсэгчилсэн байдлаар үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ ав” гэсэн үүргийг аймгийн Эрүүл мэндийн газар, БШУГ-т өглөө. 

相关新闻