Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-21 21:09:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-өлгий аймгийн ард иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх, ажлын байрыг дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож, 80 хувь нь дэмжив. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн аж.

Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгож, Засгийн газар тэмдэглэл гаргасан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тэмдэглэлийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулж өглөө.

Мөн Цагааннуурын боомтыг 24 цагаар ажиллуулах, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, Алтай Таванбогд чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө тусгах зэрэг саналыг иргэдийн зүгээс гаргаж, Ерөнхий сайд эдгээр шийдвэрүүдийг албажуулах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа.


相关新闻