Г.Амарбаясгалан:Аймгийн хэмжээнд 3 хувийн хүүтэй 107 тэрбум төгрөгийн зээл олгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-20 12:29:02

Монголбанкны Өвөрхангай аймаг дахь хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амарбаясгалангаас банк, санхүүгийн салбарын зарим асуудлаар тодруулга авлаа.

 

-   +Сүүлийн үед арилжааны банкуудын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол иргэдийн дунд багагүй байдаг болжээ. Уг нь цахим үйлчилгээ нэвтэрч, теллерүүдийн ачаалал багассан гэж ойлгож байгаа. Гэтэл аль ч банканд дугаараа хүлээгээд бухимдсан хүмүүс их байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-   -2000 оны эхэн үе гарсаар арилжааны банкны ажилтнуудад харилцагчтайгаа харилцах харилцаан дээр гардаг доголдлыг бууруулахаар манай бүх банкууд ёс зүйн дүрэм, харилцааны стандарт зэргийг нэвтрүүлж, энэ нь улмаар төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагад туршлага болж, үйлчилгээний соёлд тодорхой ахиц гарсан. Түүнээс хойш банкууд харилцааны соёл, эерэг хандлага, мэргэжлийн ёс зүйг сайжруулах арга, технологийг улам хөгжүүлсээр ирсэн. Гомдол мэдээлэл авдаг тусгай дугаарын утсыг бүх банк ажиллуулж байна.

Гомдол, мэдээллийг бүртгэдэг, хянадаг, шийдвэрлэдэг тусгай программ банк бүрт байна. Харилцагчийг угтах, үйлчлэх, үдэх заавар зөвлөмжийг гаргасан, гүйлгээнийхээ баримтыг хүртэл хүндэтгэлтэй гардуулж өгдөг зэрэгт олон хүмүүс талархал илэрхийлж харагддаг. Мөн үйлчилгээний ажилтны хувцаслалтад ч их анхаардаг болсон.

Хэрэв банкны үйлчилгээтэй холбоотой санал, гомдол байвал ХААН банк 1800-1917, Төрийн банк-1800-1881, Голомт банк 1800-1646, Хас банк 1800-1888 утсаар иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс гадна тухайн ажилтны удирдлагад танилцуулж бас болно.

-   -Сүүлийн хэдэн сарын туршид ипотекийн зээл олголт удаашралтай байна. Одоогоор хэчнээн хүн зээл олгогдоод байгаа вэ?

-    -2021 онд 631 иргэн орон сууц худалдан авах зориулалтаар ипотекийн 6 хувийн хүүтэй 61.3 тэрбум төгрөгийн зээл авсан. 2022 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 18 хүнд 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Одоогоор 80-аад хүний 6 тэрбум гаруй төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байгаа. Зээл авсан иргэдээс 600 гаруй сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй, чанаргүйд ангилагдсан зээлдэгч 10-аад хүн байна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг энэ онд дахин хойшлуулсан. Зээлийн эргэн төлөлт нь дараагийн зээлийнхээ эх үүсвэр болдог учраас төлөлт багассантай холбоотойгоор зээл олголт багасах талтай. Гэхдээ зээл бол зогсоогүй, тодорхой хэмжээгээр олгогдсоор байгаа. Зарим орлогын эх үүсвэр хангалтгүй, хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй гэхчлэн шаардлагад нийцэхгүй өргөдлүүд бас байдаг.

-   -Засгийн газраас эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч, хүү багатай зээлүүд олгож эхэлсэн. Үүнд манай аймгийнхан хэр хүртээмжтэй хамрагдаж байгаа вэ?

-     -Зээл хэвийн олгогдоод явж байгаа. Өнгөрсөн онд зээл 36.0 хувиар өссөн бол энэ оны эхний 2 сард зээлийн өсөлтийн хурд саараагүй. Ирэх 4 дүгээр сараас ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлүүдийг олгохоор банкууд бэлтгэл ажлаа хангаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан сургалтуудыг хийж байна.

2021 онд жилийн гурван хувийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг хадгалах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоо болгож, 4 мянга орчим иргэнийг 107 гаруй тэрбум төгрөгийн зээлд хамруулсан.

Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 156 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосны 107 орчим тэрбум төгрөг нь жилийн 3 хувийн хүүтэй зээл байна.

-    -Зээлд хамрагдаж чадаагүй үлдсэн иргэн, аж ахуйн нэгж ч нэлээн байгаа байх. Ихэвчлэн юунаас шалтгаалж, зээл авч чадахгүй байна вэ?

-    -Зээлийн шалгуурыг хангаагүй, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлээгүй, аж ахуйн нэгжээ байгуулаагүй гэх шалтгаанаар зээлийн хэмжээ буурах, зээлд хамрагдаж чадахгүй байх, зарим тохиолдолд банкуудад хуваарилсан зээлийн эх үүсвэр хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар хүссэн хэмжээний зээлээ авч чадаагүй харилцагч нар байгаа.

-   -Банкнаас зээл авахын тулд заавал аж ахуйн нэгж байгуулсан байх ёстой гэх мэт өндөр шаардлагууд тавигддаг болсон. Энэ нь иргэдийн дунд багагүй бухимдал төрүүлж байх шиг байна?

-    -Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань аймгийн хэмжээний бизнесийн зээлдэгчийн 80 гаруй хувийг эзэлж байна. Аж ахуйн нэгж байгуулаагүй, хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэд зарим төсөл хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээл, Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй байдаг. Тийм болохоор бид “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль”-д өөрчлөлт оруулах, заавал аж ахуйн нэгж гэж байхаар иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх талаар саналуудыг иргэд тавьсаар байгаа. Гэхдээ энэ  хуульд хэзээ өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй байна.

Нөгөө талаасаа зээлийн шалгуурт бизнес эрхлэгчид хар дэвтэр хөтлөхөөс гадна банкны харилцах дансны хуулгаар орлогоо нотлох, цахим бүртгэлийн системүүд өргөжиж байгаатай холбогдуулан зээлийн мэдээллийн санд ямар нэг зээл болон түүнтэй адилтгах өр төлбөрийн муу түүхгүй байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа. Мэдээж, зээлийн хүсэлт өгч байгаа тохиолдолд баталгаатай орлоготой, сайн түүхтэй зээлдэгчид боломж илүү байнаа гэсэн үг.

Манай иргэд зээлийн батлан даалтын сангийн талаар ойлголт муу байх шиг байна. Энэ сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт авч байгаа зээлийнх нь 60 хувьд нь баталгаа гаргаж өгөх үйлчилгээ юм. Хэдэн жилийн хугацааай зээл авч байгаагаас хамаараад жилийн 1-3 хувийн шимтгэлтэй байдаг. Үүнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хуульд заасан хуулийн этгээд хамрагдах боломжтой. Эцэст нь хэлэхэд банкны үйлчилгээ, зээлийн талаар арилжааны банкуудад хандвал арай тодорхой мэдээлэл авах боломжтой.

-     -Манай аймагт хэдэн банк, тооцооны төвүүд байдаг вэ, мөн нийт иргэдийн хэдэн хувь нь зээл авсан байдаг вэ?

-  -Банкны 4 салбар, 48 тооцооны төв, 1 касс байдаг. Банк, санхүүгийн байгууллагад 300 хүн ажиллаж байна. Мөн сонирхуулахад төлбөрийн карт эзэмшигчдийн тоо 96804, мобайл хэрэглэгчийн тоо 47343 байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар зээлдэгч 44709, хадгаламж эзэмшигч 84373, харилцах данс эзэмшигч 142840 хүн байна.

-      -Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻