Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд "Шинэ сэргэлтийн бодлого"-той танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-18 20:39:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтын талаар онцлон мэдээлэл хийв.

Тухайлбал, мал аж ахуйн салбарт малын үзлэг ангилал хийх, ашиг шимийн үзүүлэлтийг тогтоох, бүртгэлжүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж мэргэшүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах ажлууд хийгдэх юм.

Мөн газар тариалангийн салбарт хүнсний ногоо, таримлын шинэ сорт сорих, хянан баталгаа хийх, үрийн нөөц бүрдүүлэх, жимс жимсгэнэ мод үржүүлгийн төв байгуулах, газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх ажил хийнэ. Түүнчлэн Арвайхээр сумын Дайрга, Хужиртын Цуврай, Тарагт сумын Хүрэмт, Өлзийт сумын Хүйс, Баруунбаян-Улаан сумын Дөхөм, Бүрд сумын Их боригтойн тариалангийн талбайн услалтын системийн засвар шинэчлэлийн зураг төсвийг хийлгэх аж.  

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн 22 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг дарга А.Ишдорж салбарын мэргэжилтнүүдэд хандаж, малын шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг өндөр хяналт дор хийх, сум бүр малын эмч, мал эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг хэд хэдэн асуудлаар үүрэг, чиглэл өглөө. 

相关新闻