"Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалт, сургалтыг нийслэл хотноо зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачилгаар "Хүнээ
дээдэлж-Хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалт, сургалтыг энэ сарын 17, 18-ны
өдрүүдэд нийслэл хотноо зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын баримт
бичгүүд, Шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд үр
дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох. Мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг тарьц, суулгацаар улсын хэрэгцээг хангах, хөрөнгө
оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх. Цаашлаад аймгийн Засаг даргаас агентлагийн
дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын
хамтран ажиллах гэрээний 2021 оны гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх. Мөн 2022 оны
төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг байгуулах, цаг үеийн бусад асуудлаар үүрэг
чиглэл өгөхөд чиглэгдэж байв.
Нийслэл хотноо хоёр өдрийн
турш чуулсан энэхүү зөвлөлдөх уулзалт, сургалтад Сэлэнгэ аймгаас сонгогдсон
УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Салбар яамдын төлөөлөл,
Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар,
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Нийслэлийн
Засаг дарга, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга,
Нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын удирдлага, Сумдын удирдлагууд,
төсвийн шууд захирагч нар ОНӨААТҮГ-уудын захирал, Ойн ангийн дарга гээд маш
өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Ингээд зөвлөгөөний төгсгөлд
Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны ажлаар тэргүүлсэн сум,
тосгон, байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
Аймгийн Засаг даргын
эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн ЭМГ,
аймгийн Цагдаагийн газар, аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтэс
удааллаа. Мөн Тосгодын захирагчийн албанаас Мандал сумын Түнхэл тосгоны захирагчийн
алба ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан байна.
Төрийн үйлчилгээний байгууллагуудаас Аймгийн Нэгдсэн эмнэлэг тэргүүлж, удаах байрт аймгийн 3оонозын өвчин судлалын алба шалгарчээ. Харин сумдаас Орхон сумын ЗДТГ манлайлж, Цагааннуур, Ерөө, Хүдэр, Баянгол сумын ЗДТГ удаалжээ.















