Аймгийн Засаг дарга А.Ишдоржийг МАН-ын даргаар сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-18 19:03:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал хуралдаж, дарга, гишүүдээ сонголоо. Хуралд оролцогчдын 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга А.Ишдоржийг МАН-ын даргаар сонгосон байна.

Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар МАН-ын хорооны даргаар ажиллаж байв. УИХ-ын гишүүн Г.Ганболд тамгаа шилжүүлэн өгөхдөө “1990 оноос хойш Орон нутгийн сонгуульд нэг ч ялагдаагүй МАН-ын даргаар сонгогдоно гэдэг нэр төрийн хэрэг, том үүрэг хариуцлага юм. Намын гишүүдийнхээ итгэлийг дааж, дотоод эв нэгдлийг чухалчилж, мөрийн хөтөлбөрийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаас гадна Өвөрхангай аймгийн 118 мянган иргэний ажил, амьдралыг дээшлүүлэх, аймаг, сумдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө А.Ишдорж даргыг онцгой анхаарал хандуулна гэж бодож байна” хэмээлээ.

Намын бага хурлаар 2020 оны Орон нутгийн сонгуулиар дэвшүүлсэн “Бүтээлч Өвөрхангай” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хяналтын хорооны тайланг хэлэлцэж, Намын хорооны гишүүн, Хяналтын хорооны гишүүдийг сонголоо. 

相关新闻