"Монгол цэргийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-17 18:31:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Аймгийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, Хурандаа цолтнуудын төлөөллүүд Монгол Улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Өдгөөгөөс 100 гаруй жилийн тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулан анхны ялалтаа тунхаглаж байсан тэрхүү эрхэм хүндтэй цаг үеийг 1946 оноос БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй. Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгон  нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн Цэргийн штаб, цэргийн хүрээний анги, нэгтгэлээс Батлан хамгаалах хууль тогтоомжийг аймаг, орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд идэвх санаачилгатай хандаж байгаагийн зэрэгцээ аймаг, орон нутгаас хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн онцлон хэлэв.

Тухайлбал, Цэргийн штабаас цэргийн дайчилгааны төлөвлөгөө шинэчлэн боловсруулж, аймгийн ЗДТГ-т үндэсний аюулгүй байдлын бодлого, цэргийн дайчилгааны асуудал хариуцсан офицерын орон тоог шинээр батлаад байна.

Баярын хурлаар батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнан урамшуулсан бөгөөд Төрийн цэргийн болон хууль сахиулах алба хаагчид хүндэтгэлийн тоглолтыг толилууллаа.

 

相关新闻