Олон мянган жилийн өмнө устсан тэмээний ясанд хийсэн судалгаа дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-03-17 15:23:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризоны Туссон дахь их сургуулийн Археологи, антропологийн салбар 1995 оноос “Монголын чулуун зэвсгийн үе” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байна.  


Төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн хугацааг 250 мянган жилээр урагшлуулснаас эхлээд олон нээлт хийсэн билээ.

Тус төслийнхний 2021 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд явуулсан малтлага судалгааны ажлын хүрээнд олдсон тэмээний дунд чөмөгний ясанд хийсэн лабораторийн судалгааны дүн олон улсын “Fronters in Earth Science” сэтгүүлийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт хэвлэгдэн дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд орлоо.

Энэхүү олдсон чөмөгний яс нь МИС (тэнгисийн изотопын үечлэл)-ийн 3 дугаар үед буюу 60-27 мянган жилийн тэртээд явагдсан байгаль цаг уурын огцом өөрчлөлтийн явцад устан мөхсөн Монгол, хойд Хятад, Өвөр байгаль, Оросын Алтайн бүсэд амьдарч байсан Кноблохын тэмээ хэмээн нэрлэгдсэн тэмээнийх юм. Энэ нь өнөөгийн хоёр бөхтэй бактрианы хэмээн нэрлэгдсэн тэмээнээс 1.5 дахин том биетэй тэмээ байжээ. Өндөр уулсын завсрын хуурай хөндийгөөр адуу, хулан, бөхөн, аргаль, янгирын хамт идээшлэн амьдардаг байсан байна.

Өнгөрсөн жил олдсон энэхүү яс нь terra incognita (анхны байрлал) шинжтэй байгаа нь Монголын эртний түүхийн болон байгалийн түүхийн судалгаанд чухал нэгэн хэрэгдлэгдэхүүн болох юм.

Мөн уг өгүүлэлд 1985 онд Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг ширээгээс олдсон хавтгайн ясанд хийсэн судалгааны тухай өгүүлсэн байна. Кноблохын тэмээ болон хавтгай нь эртний хүмүүсийн агнуурын гол хэрэглэгдэхүүн байжээ. Энэ бүхнийг харьцуулан эртний хүн хийгээд тэмээний хоорондын холбоог тодорхойлон гаргажээ.





相关新闻