Япон Улсын санхүүжилтээр аймгийн төвийн 5 дугаар сургуульд засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-17 11:55:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар энэ сарын 16-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Төслийн батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 397,8 сая төгрөг аж.

Засаг дарга Д. Бауыржан, "Хөтөлбөрийн санхүүжилтээр өнгөрсөн онд “Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Манай аймагт жил дараалан төсөл хэрэгжүүлж байгаа явдалд Японы ард түмэн болон тус улсын Засгийн газарт талархал илэрхийлье" гэв.

“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 оноос хойш 32 жилийн турш хэрэгжүүлж байгаа. Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлэх 577 дахь, Баян-Өлгий аймагт хэрэгжих 22 дахь төсөл болж байгаа ажээ.   

相关新闻