Монголын угсаатан судлаачдын гэрэл зургийн өв цувралын анхны дугаар хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн угсаатан судлаачдын хээрийн судалгааны үед буулгасан гэрэл зургуудыг судалгааны эргэлтэд оруулж, олон нийтийн хүртээл болгох ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд Монголын угсаатан судлаачдын гэрэл зургийн өв цувралын анхны дугаарыг нэрт угсаатны зүйч, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), профессор Г.Цэрэнхандын хээрийн судалгааны явцад цуглуулсан гэрэл зургуудыг нэгтгэж “Монгол малчдын нутагшил, ахуй байдлын дүрслэл” нэртэй хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг бүтээлийн гэрэл зургууд нь 1960-1990 оныг хүртэлх Монголын нэгдэлч малчдын ахуй
байдлын дүрслэлийг ангилан харуулжээ. Тодруулбал, ахмад эрдэмтэн
Г.Цэрэнханд хээрийн судалгаа хийх явцдаа тухайн үеийн нэгдэлч малчдын аж төрөх
байдал, нутагшил, эрхлэх ажил төрөл, хот айл гэр орон сууц, нүүдэллэх байдал,
мал маллагаа, хувцас гэх зэрэг цаг үеийг тольдох гэрэл зургуудыг буулган авсан
нь хувийн архивт нь хадгалагджээ.
Эдгээр зургийг нэгтгэн олны хүртээл болгож байгаа нь XX зууны 60-70 оны малчдын амьдралын тусгал болж эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Энэ үеэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж хэлэхдээ, “Энэхүү цувралын анхны дугаар бол Монголын угсаатан судлаачдын олон жилийн турш хийж ирсэн угсаатны зүйн хээрийн шинжилгээний ангийн үр дүнгийн нэг хэсэг гэж хэлж болно. Манай судлаачдын хээрийн шинжилгээний ажлын явцад авсан маш олон гэрэл зураг байдаг. Өөрөөр хэлбэл, бид судалгааны ажлын бичвэрийг голчлон хэвлээд судалгааны явцад авсан гэрэл зургуудаа орхигдуулдаг байсан байна. Цаг хугацаа улиран одохын хэрээр ахмад эрдэмтдийн явуулсан хээрийн судалгааны үнэ цэн улам өсөж байна. Ялангуяа манай Г.Цэрэнханд багш 1960-аад оноос хээрийн судалгааны ажлыг эхлүүлж бүтэн жарны турш явуулсан манай Угсаатан судлалын үндсийг тавьсан эрдэмтдийн нэг юм. Тиймээс хамгийн түрүүнд бид Г.Цэрэнханд багшийнхаа хээрийн судалгааны гэрэл зургуудыг нэгтгэн нэгэн боть болгон гаргаж байна. Цаашдаа энэ цувралаа улам хөгжүүлж, ахмад угсаатан судлаач эрдэмтдийнхээ гэрэл зургийн өвүүдийг он оноор сэдэвчилсэн байдлаар гаргах ажлыг хийх юм” гэв.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, “Г.Цэрэнханд гуай бол Монголд угсаатны зүйн судалгааны тулгын чулууг тавилцсан ахмад эрдэмтэн. Түүний бүтээл туурвилууд Монголын түүх угсаатны зүйн судалгааны тулгуур бүрэлдэхүүн болж ашиглагдаж ирсэн. Одоо ч ашиглагдаж байгаа. Энэ өв сангаа нэгэн шинэ гайхалтай бүтээлээр баяжуулж байгаад талархалтай байна. Манай Түүх угсаатны зүйн хүрээлэн бол Монголын түүхийн угсаатны зүйн тулгуур сурвалжуудыг олон нийтэд хүргэх, эрдэм судлалын эргэлтэд оруулах талаар санаачилгатай ажиллаж олон сайхан цувралыг гаргадагт эрдэмтэн, судлаач бид талархан хүлээж авдаг.
Угсаатны зүйн судалгаа бол нийгэм, хүмүүнлэгийн салбарын их олон шинжлэх ухааны тулгуур хэрэглэгдэхүүн болдгоороо онцлогтой.
Жишээ нь, сэтгэл зүйн асуудал, аж ахуйн менежмент, хувцас хэрэглэл, ёс суртахуун зан заншил гээд манай нийгэм хүмүүнлэгийн
аль ч салбарынхны судалгааны ажилд аваад үлдчих ихээхэн өргөн агуулгыг өөртөө
багтаадаг. Ийм сайхан бүтээлийг туурвиж цаашдаа цуврал маягаар явуулах нь
салбар дундын үйл ажиллагааны нэг том ахиц дэвшил гэж үзэж байна” гэлээ.
Шинэ номын нээлтэд салбар салбарын эрдэмтэн судлаачид оролцсон юм.