Өлгий суманд шүлхий өвчний идэвхтэй 3 голомт байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумын 4 дүгээр багийн
иргэн Б-гийн хотонд Алтанцөгц сумаас ачигдаж ирсэн нэг үхрээс шүлхий өвчний
шинж тэмдэг илэрч, өнгөрсөн сарын 18-ны өдрөөс тухайн хэсэгт хорио цээрийн
дэглэм тогтоосон.
Үүнээс хойш дахин 2 голомт нэмэгдэж, нийт 11 үхэр гоц халдварт өвчнөөр
өвчлөөд байна. Дээрх 3 голомт тус бүрд хяналтын пост гарч, 24 цагаар үүрэг
гүйцэтгэж байгаа.
Өлгий сум нь 44,9 мянган толгой малтай. Одоогоор мал, амьтны гоц халдварт
шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 мянган тун вакцин тус
суманд хуваарилагдсан. Үүнээс голомт бүхий 4 дүгээр багийн 500 орчим малд вакцин
тариад байгаа аж.
Ташрамд дурдахад, 2021 оны зун тус аймгийн Дэлүүн, Булган, өнгөрсөн 2 дугаар
сард Алтанцөгц сумаас мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол
бүртгэгдээд байгаа юм.