Төрийн албан хаагч, иргэдэд төсвийн ил тод байдлыг хангах талаар мэдээлэл өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог
нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн 2 дугаар үе шат
буюу “MASAM II” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байгаа.
Тус төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх
замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрөөс
үзүүлж буй үйлчилгээ болон төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх
зорилготой. Төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын
дэлхийн түншлэл санхүүжүүлж, Дэлхийн банк хэрэгжүүлэгч байгууллагаар, “Дэлхийн
зөн Монгол” олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, Глоб интернэшнл төрийн
бус байгууллага хамтран хэрэгжүүлэгчээр тус тус ажиллаж байна.
Тус төслөөс Өлгий сумын удирдлага, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд,
багийн Засаг дарга нар, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөллийг
хамруулсан сургалтыг өнөөдөр аймгийн төвд зохион байгуулж байна. Сургалтаар Монгол
Улсын төсөв, иргэдийг төсвийн үйл ажиллагаанд
хамруулах, төсвийн ил тод байдлыг хангах болон эрүүл мэндийн анхан шатны
тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоог хангах
зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.
«Энгийн жишээ хэлэхэд өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг
төлөвлөхөд иргэдийн оролцоо маш сул байна. Оролцоог нэмэгдүүлэхийн тулд юунд
анхаарах вэ? Иргэдийн анхаарал, сонирхлыг татахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн
асуудлаар төрийн алба хаагчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагынханд ойлголт
өгч байна. Мөн Монгол Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл
өгөх модуль боловсруулан хүргэж байна» хэмээн «Дэлхийн зөн Монгол» Олон улсын
байгууллагын “MASAM II” төслийн зохицуулагч Б.Ууганхүү хэллээ.
Сургалт энэ сарын 16-ны өдөр дуусна.