“Ээлтэй хоггүй хот” төслийн хүрээнд хогийн менежментийн талаар мэдлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-14 23:22:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд “Ээлтэй хоггүй хот” төсөл хэрэгжихээр болжээ. Энэхүү төслөөр дамжуулан хоггүй орчинд ажиллаж амьдрах, хогийн менежментийн талаар Сүхбаатар хотын иргэд тэр тусмаа сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудад насны онцлогт тохирсон мэдлэгийг түгээх аж. Мөн хог ангилан ялгах савыг сургуулиудын орчин, нийтийн эзэмшлийн талбайд загвар болгож үйлдвэрлэж тавих замаар бусад аж ахуйн нэгж байгууллагад уриалга болгох аж. Түүнчлэн хог хаягдлын зориулалтын савтай болоход нь арга зүйн зөвлөгөө өгөх, худалдан авалтыг нь холбон зуучлахад гол зорилгоо чиглүүлэх юм байна.  

Төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэх аж. Үүнд:

-Хог ангилан ялгах хогийн талаарх ойлголт мэдлэгийг хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон байдлаар боловсруулсан “Хүүхдүүд хогийн ертөнцийг өөрчилж чадна” сургалтын хөтөлбөрийг сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэх багш нарт танилцуулах. Мөн сургалт зохион байгуулж, арга зүйн талаар семинар хэлэлцүүлэг зохион байгуулах

-“Орчноо судалъя” танхимын бус аялал зохион байгуулах

-Сэлэнгэ МСҮТ-тэй хамтран гагнуурчны ангийн оюутнуудын оролцоотойгоор хог ангилан ялгах савыг хотын өнгө үзэмжид тохируулан загвар сав бий болгож, Партизаны талбай болон Ерөнхий боловсролын сургуулиудад байршуулах

-Загвар хогийн сав үйлдвэрлэлийн танилцуулга бүхий гарын авлага бий болгож уриалга постер гарган ААНБ-уудыг байгууллагынхаа гадна талбайд нэг загварын хогийн сав тавиулах уриалгыг өгөх. Мөн захиалга өгсөн байгууллагын хогийн савийг үйлдвэрлэгчтэй холбон зуучлах ажлыг хариуцах ажээ.

Энэхүү төслийг Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөрөөс зарласан байна. төслийн хэрэгжүүлэгчээр “Хөгжлийн хүч” ТББ-ын залуучууд ажиллах ажээ.

相关新闻