Эмэгтэй сурагчдыг гадуурхаж, дээрэлхэх тохиолдол нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-03-14 22:42:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе тэнгийнхнээ дээрэлхэх, гадуурхах явдлыг хэрхэн таслан зогсоох талаар сурагч, оюутан, багш ажилтан, төрийн болон төрийн бус байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд хэлэлцлээ.


Хүүхэд өдрийн ихэнхийг өнгөрөөдөг сургууль дээрээ дээрэлхүүлж, гадуурхалтад өртөж байна. Цаашлаад сургуулийн орчин хүүхдийн сэтгэл зүйд сөрөг бодол төрүүлж, эрсдэлтэй шийдвэр гарахад нөлөөлөх болжээ. Үүнийг таслан зогсоохын тулд эцэг эхчүүд хүүхэддээ илүү их цаг гаргах, мөн онц сургахаас илүү хүмүүжил төлөвшилд нь анхаарах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.


Хүүхдийг ивээх сангийн судалгаагаар  1236 сурагчийн 37.9 хувь нь дээрэлхүүлж, доромжлуулсан,  40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж, дээрэлхүүлж байхыг харсан гэжээ.

Эмэгтэй сурагчид биеийн онцлог, өмссөн хувцсаараа бусдад дээрэлхүүлдэг бол эрэгтэй сурагчдын хувьд дээд ангийнхан нь сүрдүүлэх, мөнгө нэхэх зэргээр сургуулийн орчинд нь дээрэлхдэг байна. Хөвгүүд бие махбодийн, охид сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байдаг аж.

“Эрэгтэй хүүхдийг чанга гар хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг. Орчин үед хүүхдэд үгэн сургамж чухал болсон. Хүүхдэд гар хүрэх тусам хүүхэд өөрөөс чинь улам дайжина, холдоно” гэдгийг СБД-ийн 35 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ч.Болдсайхан тодотгов.

Томчууд хүүхэддээ “хичээлээ сайн хий” гэдэг шаардлагыг тавьдаг ч бусадтай зөв харилцах, үе тэнгийнхэнтэйгээ ярилцах, тэдэндээ туслах зэрэг эерэг зан төлөвтэй  хүмүүжилтэй болгож төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна.

Хүүхдийг үгээр, зөв үйлдлээр хүмүүжүүлэх арга хамгийн үр дүнтэйг сэтгэл зүйчид зөвлөж байна. Тэдний асуудлыг хүлээцтэй сонсож, хэрэгтэй үед нь ярилцаж чадвал үеийнхнээ дээрэлхэх, гэмт хэрэг үйлдэх зэрэг эрсдэлтэй алхам хийхгүй байх бүрэн боломжтой хэмээн хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа.





相关新闻