Цэргэжлийн спортын олон төрөлт тэмцээнд ХЦ-ийн 0243-р анги тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой “Монгол цэргийн
өдөр”-ийг угтан зохион байгуулж буй цуврал тэмцээн Цэргэжлийн спортын олон
төрөлтөөр энэ сарын 11-ний өдөр үргэлжиллээ.
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордонд болсон энэхүү тэмцээнийг Сонс эргэлт, Туухай өргөлт, Гар дээр суниах, Модон морин дээгүүр харайх зэрэг төрлөөр зохион байгуулсан байна. Тэмцээн Төрийн цэргийн болон, Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд явуулжээ. Ингээд тэмцээний Сонс эргэлтийн төрөлд ХЦ-ийн 0243 дугаар ангийн дэслэгч Г.Цогтхүү, Туухай өргөлтийн төрөлд Цагдаагийн газрын дэд ахлагч Д.Баатарсайхан, Гар дээр суниах төрөлд Цагдаагийн газрын дэд ахлагч А.Бат-Амгалан, Модон морин дээгүүр хариах төрөлд аймгийн ОБГ-ын дэд ахлагч Б.Энх-Оргил нар тус тус дээд амжилтыг үзүүлсэн байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 0243 дугаар анги тэргүүлж, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газар тус тус удаалжээ.


