Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр Ш.Болд сонгогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Анагаах ухааны академи /МАУА/-ийн ээлжит чуулган өнөөдөр болж, тус академийн 2021 оны эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайлан, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Энэ үеэр МАУА-ийн
ерөнхийлөгчийн 4 жилийн ажлын тайланг хэлэлцэж, шинэ ерөнхийлөгчийн
сонгуулийг явууллаа.
МАУА-ийн ерөнхийлөгч нь ШУА-ийн гишүүн байх дүрэмтэй. Энэ удаа академич Н.Баасанжав, Ш.Болд нар нэр дэвшсэнээс Н.Баасанжав нэрээ татаж, академич Ш.Болд 96 хувийн саналаар Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдов.
Академич
Ш.Болд хэлэхдээ, “Би "Монголын Анагаах ухааны
академичид” цуврал бүтээл гаргах хүсэлтэй явдаг. Тэрхүү цувралд намтар, сургаал үг, гэр бүлийн асуудал, түүх, хэн нэгэн хүний дурсамж бичихгүй. Зөвхөн
тухайн хүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь гаргаж нийгэмд
түгээх ёстой. Энэ ажлыг юуны түрүүнд хийнэ. Та бүгд инновац бүтээдэг, хэрэглэгчдэд
хэрэгтэй зүйлийг бүтээдэг хүмүүс учраас уг бүтээлийг нийгэмд цаашлаад дэлхийд таниулах ажлыг хийнэ.
Мөн МАУА өөрийн санхүүжилттэй байх бүрэн боломжийг нээж ажиллана. Гадаад харилцааг өргөн хүрээнд ажиллуулна. Би академийг академик байгууллага гэхээсээ илүүтэй бизнесийн байгууллага гэж үзэж байна. МАУА бол бизнесийн байгууллага учир академичдынхаа оюуны бүтээлийг мөнгө болгох ёстой. Үүний төлөө ажиллах ёстой. Эмчилгээний болон шинэ эм гаргаж авах технологиудаас ашиг яагаад олж болдоггүй юм. Академичдын нэр хүнд, нийгэмд үзүүлэх байр суурь, ялангуяа юу хийж бүтээсэн юм гэдгийг илүү тод гаргаж ирэхийн төлөө ажиллана. ШУА-иас өгч байгаа чиглэл, ажлын төлөвлөгөө дүрмийнхээ дагуу ажиллах болно. Ахмад үеийн туршлага хэрэгтэй. Хамтраад МАУА-ийг нийгэм, хүн ам, Монгол Улсын эрүүл мэндийн системд ямар нөлөө үзүүлэх, Азид цаашлаад дэлхийд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг суурийг тавья” гэсэн юм.