Найруулагч М.Батболдыг Ф.М.Достоевскийн медалиар шагнана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Орфей” театрын найруулагч М.Батболдыг “Агуу зохиолч Ф.М.Достоевскийн медаль”-иар шагнахаар болжээ.
ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх медалийг улс орондоо Ф.М.Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй аж. Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.
Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг энэ сарын 27-ныг хүртэл Улаанбаатар
дахь “Руский Дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн тайзнаа тоглож байгаа юм.