"Мөрдөстэй бүсгүйчүүд-2022" тэмцээнд хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн
өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Цэргийн болон цэрэгжсэн
байгууллагуудын дунд зохион байгуулдаг уламжлалт тэмцээн явагдаж байна.
Дээрх уламжлалт цуврал
тэмцээний салхийг Сэлэнгэ аймгийн Төрийн цэргийн болон Хууль сахиулах
байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн дунд
"Мөрдэстэй бүсгүйчүүд-2022" тэмцээн хагалсан юм. Тус тэмцээнд
хилийн цэргийн 0101, 0243 дугаар анги, аймгийн
Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэсэн
таван байгууллагын бүсгүйчүүд оролцлоо. Мөрдөстэй бүсгүйчүүд урлаг болон
цэргийн хэргийн 6 төрлөөр авьяас билэг, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин
өрсөлджээ. Ингээд тэмцээний тэргүүн байрыг Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн
нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Алтан гэрэгэ” баг эзэлсэн байна. Энэ
удаагийн тэмцээн Монгол цэрэг НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд
оролцсоны 20 жилийн ойд зориулан болж буйгаараа онцлогтой байлаа.