Баян-Өлгий аймаг эдийн засгийн тамир тэнхээгээр сүүлийн байрт эрэмбэлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-10 16:36:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг.

Саяхан аймгуудын 2021 оны өрсөлдөх чадварын тайланг гаргасан бөгөөд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг гэсэн үндсэн 4 бүлэгт тулгуурлан 141 үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлжээ.

Баян-Өлгий аймгийн хувьд 70,4 оноогоор 13 дугаар байрт орж, өнгөрсөн оны байраа хадгалсан байна.

Харин эдийн засгийн тамир тэнхээгээр 28,8 оноогоор 21 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Тус аймаг нь эдийн засгийн төрөлжилтөөр 1 дүгээр байр, хөдөлмөрийн бирж, эдийн засгийн хөгжлийн түвшнээр 2 дугаар байр, ногоон эдийн засгийн ойлголтоор 3, амьжиргааны түвшнээр 4 дүгээр байрт жагссан. Гэхдээ ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний оролцооны түвшин, хүн амын ачаалал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил, ажилгүйчүүдийн тоо, дундаж цалин, зээл зэрэг үзүүлэлтүүдээр 21 дүгээр байрт орсон нь эдийн засгийн тамир тэнхээгээр сүүлийн байрт эрэмбэлэгдэх шалтгаан болжээ.

Судлаачид Баян-Өлгий аймагт авлига, төрийн байгууллагын үйлчилгээ уялдаа холбоогүй, удаан, хүнд сурталтай, банкны зээлийн хүүг бууруулах, таатай нөхцөл бий болгох, тендерийн үйл явцыг ил тод шударга болгох, бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллах, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг тулгамдсан асуудлууд байгааг судалгааны тайланд дурдсан байна.  

相关新闻