П.Баяржаргал: Цахим машинаар цахилгааны төлбөрөө төлөх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-10 16:20:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэдээ үйл ажиллагаагаа ойртуулж, цахим машинаар хэрэглээний төлбөрөө төлөх боломжийг бий болгожээ. Энэ тухай тус ТӨХК-ийн Борлуулалтын албаны дарга П.Баяржаргалаас тодрууллаа.


-“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдэдээ цахилгааны төлбөрөө хялбар төлөх боломжийг бий болгожээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Цахилгаан эрчим хүч хэрэглэгчид хэрэглэсэн цахилгааны төлбөрөө заавал банкаар төлдөг байсан бол манай ТӨХК хэрэглэгчдэдээ үйл ажиллагаагаа улам ойртуулж “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-дөө цахим машин суурилуулж төлбөр төлөх хялбар боломжийг бүрдүүллээ. Хэрэглэгчид цахим машинд кодоо оруулан өөрийн хэрэглээний мэдээллийг дэлгэрэнгүй харж, бүх банкны карт болон QPay оноогоо ашиглан төлбөрөө төлж баримтаа авах давуу талтай юм. 

-Коронавирусний халдварын улмаас “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн үйл ажиллагаагаа компанийнхаа жижүүр болон цахимаар хүргэж байсан. Цахилгааны төлбөрөө цахим машинаар төлье гэвэл хэрэглэгчид танай компани руу шууд нэвтрэх боломжтой юу?

-Коронавирусний халдварын улмаас онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор манай компани хэрэглэгчдэд үйлчлэх төвөө цахимд шилжүүлэн үйл ажиллгаагаа явуулж байсан бол цар тахалтай холбоотой тогтоол шийдвэр цуцлагдсантай холбоотойгоор энгийн цагийн хуваарьт шилжсэн. Ингэснээр цахилгаан эрчим хүч хэрэглэгчид ажлын өдрүүдэд шат дамжлагагүйгээр эрчим хүчтэй холбоотой бүхий л үйлчилгээ авах боломжтой юм. 

-“Цахилгааны төлбөр утсанд ирсэнгүй” гэж зарим иргэд шүүмжлэх юм. Ер нь та бүхэн хэрэглэгчдэдээ төлбөрийн мэдээллийг нь хэрхэн, хэзээ хүргэж байна?

-Бид цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэдээ сар бүрийн хэрэглээний төлбөрийг гэрээнд бичүүлсэн гар утасны дугаарт нь илгээдэг. Манай компани тоолуурын заалтаа сар бүрийн 20, 21-нд авдаг. Харин 23-нд бичилтээ борлуулалтын программд оруулж банкууд болон хэрэглэгчдийнхээ гар утсанд төлбөрийн мэдээллээ мессэжээр илгээдэг. Хэрэглэгчид хэрэглээний төлбөрийн мэдээлэл мессэжээр ирсэнгүй гэж гомдол ирүүлдэг. Хэрэглэгчид гэрээгээ шинэчилж хийгээгүй, мессэж хүлээн авах шинэ дугаараа бүртгүүлж солиулаагүйгээс төлбөрийн мэдээлэл танд очихгүй байна. Хэрвээ хэрэглэгч та бүхэн утасны дугаараа сольсон бол тухай бүрт нь манай компанийн борлуулалтын албанд хандаж шинэ дугаараа бүртгүүлээрэй. Ингэснээр таны цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийн мэдээлэл сар бүрийн 23-нд танд мессэжээр очдог шүү. 

-Тэгвэл эрчим хүч хэрэглэгчид хэрэглээний төлбөрөө сар бүрийн хэдэнд барагдуулах ёстой вэ?

-Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн гэрээнд тусгагдсаны дагуу хэрэглэгчид сар бүрийн 25-нд хэрэглээний төлбөрөө бүрэн барагдуулсан байх ёстой. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд сар бүрийн 28-наас АУЭХС ТӨХК пэйж хуудас болон “Шинэ-Алтай” захын узель, хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга мэдээллийг 2-3 хоног тогтмол хүргэдэг. Үүний дараа төлбөрөө барагдуулаагүй хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт өөрөөр хэлбэл таслалт хийж эхэлдэг. Иймд хэрэглэгч та бүхэн гэрээнд заасан хугацаанд хэрэглээний төлбөрөө төлж хэвшээрэй. Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай хэрэглэгчдэдээ баярлалаа.


相关新闻