Олон улсын PISA үнэлгээнд орон нутгийн 120 орчим сургууль хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ жил анх удаа “PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-нд хамрагдана.
Үнэлгээнд 15
настнууд буюу суурь боловсрол эзэмшсэн сурагчид түүврийн аргаар сонгогдон
оролцох юм. Олон улсын үнэлгээтэй холбоотой мэдээллийг БҮТ-ийн захирал
Л.Ганбатаас тодрууллаа.
- PISA сурлагын
амжилтын олон улсын үнэлгээний талаар товч мэдээлэл өгнө үү?
-Programme for International Student Assessment /PISA/ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. Гурван жил тутамд болдог уг үнэлгээнд энэ жил дэлхийн 88 улс орон оролцож байна. Манай улсын хувьд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогдсон.
-Суралцагчид энэхүү үнэлгээнд хэрхэн оролцох вэ?
-Сонгогдсон суралцагчид бүх даалгаврыг компьютерээр хийж гүйцэтгэх юм. Математик, унших чадвар, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний чадвар шалгасан даалгаврыг хийж гүйцэтгэнэ.
-Сонгогдсон 196 сургуулийн хэд нь орон нутгийнх байх вэ?
- 120 орчим нь орон нутгаас хамрагдана. Нэг сургуулиас ихдээ 40, багадаа 20 сурагч хамрагдахаар сонгогдсон.
- Даалгаврууд англи хэлээр байх уу?
-Үндсэн болон нэмэлт асуултууд бүгд монгол хэлээр байх юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага OECD-ээс англи хэлээр боловсруулж ирүүлсэн даалгавруудыг монгол эрдэмтэн, багш нар сургалтын хөтөлбөрийн үг хэллэг, онцлогт тулгуурлан орчуулж бэлтгэсэн.
- PISA үнэлгээг анх удаа өгөх гэж байна. Иймд
суралцагчдыг урьчилсан бэлтгэлд хамруулан давтлага өгөх шаардлага бий юу?
-Боловсролын Үнэлгээний төвөөс 2014 оноос улсын хэмжээнд боловсролын чанарын үнэлгээг түүврийн аргаар зохион байгуулж байсан. Тэрхүү чанарын үнэлгээний агуулга, даалгаврын агуулга, хэлбэрийг олон улсын үнэлгээний хэлбэр рүү нэлээд дөхүүлж ажилласан. Тиймээс PISA-д ирэх даалгаврын агуулга, тавил зэрэг нь манай суралцагчдад цоо шинэ, урьд өмнө харж байгаагүй хэлбэрийн даалгавар гэж ойлгож болохгүй. Харин тухайн даалгавраар дамжуулан суралцагчийн мэдлэг чадварыг амьдрал практикт хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг чадварыг илрүүлэхтэй холбогдуулан даалгаврууд нь янз бүрийн тавилттай байгаа гэсэн үг.
-БҮТ-өөс хийсэн
судалгаагаар сурагчид математик болон байгалийн ухааны хичээлүүдэд хоцрогдолтой
байна гэсэн дүн гарсан. Хоцрогдол энэхүү үнэлгээнд хэрхэн нөлөөлөх вэ?
-Одоогоор урьдчилан таамаглах боломжгүй. Өнгөрсөн намар БҮТ-өөс хоцрогдлын агуулгыг тодорхойлох зорилгоор оношлох буюу агуулга талаас нь үнэлсэн. Тэгвэл энэхүү олон улсын үнэлгээ бол агуулга хамаарахгүй, зөвхөн тухайн суралцагчийн суурь боловсрол эзэмшээд сургуулиа төгссөний дараа эзэмшсэн мэдлэг чадвараа амьдралд хэрхэн эзэмшиж ашиглаж байна вэ гэдгийг илрүүлэх гол зорилготой учир өнгөрсөн намар авсан судалгаатай харьцуулах боломжгүй.