"PISA-2022" олон улсын үнэлгээнд 15 настай 7300 сурагч хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-03-10 12:58:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 4 дүгээр сард анх удаа хамрагдахаар бэлтгэл хангаж байна. Ковидын хоёр жилийн хичээлийн хоцрогдлыг нөхөх бодлогоо зөв тодорхойлоход энэхүү үнэлгээ маш том луужин болно гэж үзэж байгаа юм. 


Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэхдээ, “PISA нь ямар нэгэн шалгалт биш юм. Энэхүү үнэлгээнд  манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцоно. Хүүхэд сурах сургуулийн орчин бүрдүүлсэн үү, багш нар хичээлээ сонирхолтой зааж чадаж байна уу, гэр бүл, асран хамгаалагчдын дэмжлэг хүүхдийн сурах амжилтад хэрхэн нөлөөлж байна, ковид ямар нөлөөллийг үзүүлэв гэхчлэн том үнэлгээ хийх юм. Тиймээс суурь боловсрол эзэмшсэн хүүхэд амьдралд бэлэн байна уу гэсэн үнэлгээ учир чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.


PISA (Programme for International Student Assessment) нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.


PISA үнэлгээг эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд дэлхийн 88 улс орон оролцож байна. Монгол Улсын хувьд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогджээ.


Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг хийж гүйцэтгэх юм. Дүнг 2023 оны 12 дугаар сард зарлах аж.

Хүүхэд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсрол руу шилждэг учраас 15 настай сурагчдыг сонгон авч үнэлгээнд хамруулдаг гэдгийг албаныхан тодотголоо.


PISA үнэлгээнд Монгол Улс оролцсоноор

-15 настай сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх

-Өөрийн орны боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох,

-Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Дагалдах асуудлын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.


相关新闻