Өвөрхангай аймаг АНУ-тай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны
дэд дарга Жон Дваэр өнөөдөр Өвөрхангай
аймагт ажиллаж байна.
АНУ-ын
ЭСЯ-наас Өвөрхангай аймгийн боловсролын салбартай хамтран ажилладаг бөгөөд англи хэлний багш
нарыг мэргэжил, ур чадвар, багшлах аргазүйгээр хангах, сурах хүсэл эрмэлзлэлтэй
ч төлбөрийн чадамж тааруу айл өрхийн хүүхдүүдэд англи хэлний мэдлэг олгох
чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
Тухайлбал,
амжиргааны түвшин доогуур өрхийн охидыг чадавхжуулах 9 сая төгрөгийн
санхүүжилттэй “Охидын зуслан” төслийг 2018 онд хэрэгжүүлсэн бол суралцах хүсэл
эрмэлзлэлтэй ч төлбөрийн чадамж муу хүүхдүүдэд зориулсан “Access” хөтөлбөрийг 2020-2022 онд хэрэгжүүлж, 17 сурагчийг
хамруулан англи хэлний өндөр мэдлэгийг олгоод байна.
Мөн
энэ оны 1 дүгээр сараас эхлэн аймгийн Политехникийн коллежид “Фулбрайтын англи хэлний туслах багш” хөтөлбөрийг нэг
жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.
Жон Дваэр Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга
А.Ишдоржтой уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал
солилцлоо. Аймгийн Засаг даргын зүгээс Өвөрхангай аймгийн багш, сурагчдыг АНУ-д богино хугацааны сургалтад хамруулах,
тус улсын дунд сургуулийн багш, сурагчидтай харилцаа тогтоон ажиллах талаар
санал хүсэлтээ илэрхийлжээ.
Өвөрхангай
аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуульд англи хэлний 98 багш ажиллаж, 24 мянган сурагчдад зохих мэдлэгийг олгож
байна.