Экологийн хэрэг мөрдөлтөд смарт программыг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-09 22:11:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар хамтран гурван аймгийн бүсчилсэн сургалтыг Арвайхээр хотод зохион байгууллаа.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх зорилготой тус сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цагдаагийн 30-аад албан хаагч оролцсон юм.

Энэ үеэр хууль бусаар ашигт малтмал хайх, олборох, ашиглах гэмт хэргийн газарт үзлэг хийхэд анхаарах асуудал, смарт программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг арваад сэдвийн хүрээнд танхим, дадлага хосолсон сургалт явууллаа.

Экологийн цагдаагийн алба нь 2020 онд байгуулагдсан бөгөөд экологийн чиглэлээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн илрүүлэлт өсч, мөн урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор хэрэг, зөрчил буурсан үзүүлэлттэй байна.

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эргүүл, хяналт шинжилгээний ажлыг хялбар аргаар хийх боломжтой смарт программыг Цагдаагийн байгууллагад нэвтрүүлж байна. Мөн программ ашиглалтыг сайжруулахын тулд 5 бүсийн 90 гаруй алба хаагчид доргионы болон усны хамгаалалттай, смарт аппликейшныг суулгасан гар утсыг нийлүүлж, арга зүйн мэдлэгийг олголоо. 

相关新闻