“Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-03-09 19:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улстай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт барих Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар талууд санал солилцов.

 

Уг төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор БШУЯ , ШУТИС-ийн МХТС-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төслийн үйл ажиллагаа, илүү үр дүнтэй хэрэгжинэ гэж найдаж буйгаа дэд сайд хэллээ.

Уулзалтын төгсгөлд Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих Монгол-Энэтхэгийн Найрамдал ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэхэд чармайн ажиллахыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингхээс хүсэв.



相关新闻