Үндэстний цөөнх гэж хэнийг хэлэх вэ?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл болох казах, цаатан, тува иргэд амьдардаг бөгөөд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор үндэстний цөөнхийн бүлэгт багтдаг иргэдийн эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, өв соёл, зан заншлаа хадгалах, өвлүүлэн үлдээх эрхийг баталгаажуулсан байдаг.
Үндэстний цөөнх
гэж хэнийг хэлэх вэ?
Үндэстний цөөнхийн талаарх бүрэн нэгдсэн
тодорхойлолт өнөөдрийг хүртэл байхгүй боловч төр болон бусад оролцогч талууд
угсаатны зүй, газар нутаг, хэл соёл, ёс заншил, шашин шүтлэг зэргийг тухайн
улсын олонх анхаарч, харгалзан үзэх ёстой онцлог шинжүүд хэмээн нэрлэдэг аж.
Харин Монгол Улсын Хүний эрхийн комиссоос
гаргасан "Хүний эрх" эмхэтгэлд "Үндэстний цөөнх гэдэг нь тухайн улсын хүн амын
дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөнх болох, хэл, арьсны өнгө, соёл
иргэншлийнхээ хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэл
бүхий олонхоосоо ялгаатай бүлэг хүмүүсийг хэлнэ" хэмээн тодорхойлсон байна.
1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас
баталсан Үндэстний цөөнхөд хамаарах хүмүүсийн эрхийн тухай Тунхаглалд
төр аливаа бодлого шийдвэр гаргахдаа үндэстний цөөнхийн дээрх онцлогийг
харгалзан үзэж байх шаардлагатай бөгөөд үндэстний цөөнхийн эрхийг хангахад
дараах үүрэгтэй оролцоно хэмээн заажээ.
Төрийн үүрэг:
1. Үндэстний цөөнхийн
гишүүдэд соёл, шашин шүтлэг, уламжлал, зан заншлаа сахин хамгаалах, хөгжүүлэх,
дэлгэрүүлэх таатай орчныг бүрдүүлэх;
2. Үндэстний цөөнхөд
эх хэлээрээ сурах, боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх зохистой боломж,
нөхцөл олгох;
3. Өөрийн нутаг
дэвсгэрт байгаа цөөнхийн түүх, уламжлал, хэл, соёлын тухай мэдлэг ойлголтыг
дэлгэрүүлэх, цөөнхөд хамаарах хүмүүс нийгмийн тухай мэдлэг ойлголт олох
баталгааг хангах;
4. Эдийн засгийн ахиц
дэвшил, хөгжилд оролцох боломж олгох;
5. Үндэстний цөөнхийг
төрийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах болон нутгийн
өөрөө удирдах түвшинд оролцуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр
боловсруулах, төлөвлөж хэрэгжүүлэхэд цөөнхийн оролцоог хангах, хууль ёсны ашиг
сонирхлыг нь харгалзан үзэх.
НҮБ-ийн Үндэстний цөөнхөд хамаарах хүмүүсийн эрхийн тухай Тунхаглалд үндэстний цөөнхийн эрхийг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:
Үндэстний цөөнхийн эрх:
1. Үндэстний
онцлог, уламжлал, зан заншил, шашин шүтлэг, соёлоо дагах, сахих, хадгалах,
хамгаалуулах, хөгжүүлэх. Энэ бол тухайн үндэстний цөөнх хүн
амын олонхын дунд өөрсдийн түүх уламжлал, шашин шүтлэгээ мартаж,
соёлын ялгаа, онцлогийг алдан уусахгүйгээр сахин хамгаалах боломж олгоход
чиглэсэн эрх юм.
2. Эх
хэлээрээ хорио цээргүйгээр өөр хоорондоо болон олон нийтийн дунд харилцах,
түүнийгээ төрийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, хэл соёлоо уламжлах,
хадгалах, хамгаалах. Энд үндэстний цөөнхөд хамаардаг хүн
өөрийн эх хэлээр харилцсаныхаа төлөө бусдын ялгаварлан гадуурхалт, сөрөг
хандлагад өртөхгүй байх баталгааг хангаж байна. Эх хэлээ дуртай үедээ
хэрэглэдэг байх нь уламжлалт хэл соёлоо мартахгүй байх нэг
үндэс болдгийн хувьд бусад эрхийн урьдач нөхцөл болох нь ч
бий.
3. Нийгэм,
соёл, улс төр, эдийн засгийн харилцаа, шашны зан үйлд оролцох эрх. Энэ эрх баталгаажсаны үндсэнд үндэстний цөөнх нь нийгмийн аливаа
харилцаанд оролцохдоо ялгаварлан гадуурхалтаас ангид байх, нийгэмд
эрх тэгш байр суурьтай байх боломжтой байна.
4. Өөрсдийн
ахуй амьдралд үндэсний болон бүс нутгийн түвшинд нөлөөлөх шийдвэр
гаргахад санал бодлоо илэрхийлж, оролцоо, хувь нэмрээ оруулах. Энэ нь өдөр тутмын амьдралд нь нөлөөлж, ахуй амьдралд нь өөрчлөлт авчрах
төрийн бодлого боловсруулах, эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах явцад оролцох
эрх эм.
5. Эвлэлдэн
нэгдэж, холбоо байгуулах эрх. Үндэстний цөөнхийн гишүүд угсаатны
зүй, газар зүй, хэл соёл, шашин шүтлэг зэрэг өвөрмөц онцлогоо
хадгалан хамгаалах болон бусад эрхээ хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх эрхтэй.
6. Дотооддоо болон хилийн чанадад байгаа үндэс угсаа нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох, харилцах эрх. Эндээс аль нэг улсын үндэстний цөөнх өөрсдийн оршин суугаа газар орон болон хилийн чанадад байгаа гарал угсаа нэгтэнтэйгээ ямар нэг хориггүйгээр, харилцаа холбооны боломжит бүх хэлбэрээр харилцах эрхийг баталгаажуулахад оршино.
Эх сурвалж: ХЭҮК