“Эко сургууль” хөтөлбөрт 335 сургууль хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-03-04 17:35:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БОАЖЯ, БШУЯ, ШХА хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл”-ийн хүрээнд “Тогтвортой хөгжлийг дэмжигч-эко сургууль, цэцэрлэг хөтөлбөр”-ийн үндэсний YI чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Монгол Улсад Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлаг бодлогын дэмжлэг үзүүлж, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, БОАЖГ, БСУГ хамтран ажиллаж байна.

 

2007 онд Швейцарын хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах” төслийн хүрээнд “Эко сургууль” хөтөлбөрийг баруун 5 аймгийн 60 гаруй сургуульд туршин хэрэгжүүлж эхэлсэн бол 2019 оноос цэцэрлэгүүд, 2020 оноос МСҮТ, коллежууд тус хөтөлбөрт хамрагджээ. 2021 оны байдлаар тус хөтөлбөрт манай улсын 335 ЕБС, 189 цэцэрлэг, 6 коллеж хамрагдаад байна.

 

“Тогтвортой хөгжлийг дэмжигч-Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр байгаль орчны удирдлагын ISO14001 стандартыг нэвтрүүлж, сургууль, цэцэрлэгүүд байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөө бууруулах, зохистой хэрэглээг бий болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

Энэ удаагийн үндэсний чуулганаар олон улсын “Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд олон улсын болоод Үндэсний нэр хүндтэй шагналын болзол хангасан 38 сургууль, 62 цэцэрлэгт “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, олон улсын “Ногоон туг” өргөмжлөлийг гардуулав. Үүнд:

 

“Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг 32 цэцэрлэг, 2 ерөнхий боловсролын сургууль

 “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг 21 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургууль

“Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг 9 цэцэрлэг, 22 ерөнхий боловсролын сургууль тус тус хангаад байна. Эдгээрээс “ТХБ-2” төсөлд хамрагдан тогтвортой хөгжлийн төлөөх сургуулийн загвар бий болгохоор 30 сургууль зорьж байна.

 

Энэхүү чуулганд нийслэл, орон нутгийн 38 эко сургууль, 62 эко цэцэрлэгийг төлөөлсөн 320 орчим багш, удирдлах ажилтан, яамд, харьяа газруудын албан хаагчид, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцов




相关新闻