Зүүнбаян-Улаанд албаны барилгын засвартай холбоотой асуудал их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-04 14:22:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум 2021 оны мал тооллогоор 205 мянган толгой мал тоолуулжээ.

Өнгөрсөн жил зуншлага, намаржаа сайн, өвөл өнтэй байсны хүчинд мал, малчид зутралгүй онд орсон ч  малын шүлхий өвчин хүндрэл учруулаад байгааг сумын удирдлагууд ярьж байна. Тиймээс шүлхий өвчнийг газар авахуулалгүй дарахын тулд вакцинаар яаралтай хангах хүсэлтийг УИХ-ын гишүүдэд тавилаа.

Тус сум энэ жил малын хөлийн татвараас бүрдсэн хөрөнгөөр худаг гаргах, баг бүрийг мал угаалгын ваннтай болгох ажлыг хийхээр төлөвлөжээ. Өнгөрөгч жил сум 330 га-д малын тэжээл тариалсан бол 71 малчин өрх өвөлжөө, хаваржааныхаа газарт ногоон тэжээл тариалжээ.

Сумын хувьд сургуулийн барилга 1975 онд баригдсан. 2018 онд дээвэр, гадна засвар хийсэн ч дээврээс дусаал гоождог, хичээлийн байр, дотуур байрны сантехник муудсан, цэцэрлэгийн барилга дулаан алдагдал ихтэй, гал тогоо нь байнга цан цохидгоос дээвэр нурах эрсдэлтэй болсон, эмнэлгийн барилгын агааржуулалтын системийг сайжруулах, Цагдаагийн хэсгийн байранд 2015 оноос хойш огт засвар хийгээгүй гэхчлэн төсөвт байгууллагуудын засвар үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлууд их байгаа аж.

Үүнийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүдэд тавиад байна. 

相关新闻