Дэлхийн банкны экспортын төсөл “Түншлэлийн хөтөлбөр” болон өргөжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-04 15:20:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д уул уурхайн бус экспортыг дэмжих талаар тусгасан. Энэ нь мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монголын экспортыг дэмжих төсөл”-тэй уялдаж буйг эдийн засагч, мэргэжилтнүүд онцолж байгаа. Энэ цаг үед Дэлхийн банк “Монголын экспортыг дэмжих төсөл”-ийн энэ оны үйл ажиллагааг танилцууллаа.

Тус банк Монгол Улсад уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дээрх төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй тус төслийг өмнө нь Сангийн яам болон ХХААХҮЯ-ны харьяанд хэрэгжүүлж ирсэн бол энэ жилээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран “Түншлэлийн хөтөлбөр” хэрэгжүүлж ажиллахаар болсноо мэдэгдэж байна.

Ингэснээр зээлийн шалгуурыг уян хатан болгож буй аж. Тодруулбал, өмнө нь зээлд хамрагдах компани, ААН-ийн нэг жилийн борлуулалтын орлого нь 150 сая төгрөг, 24 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай байв. Тэгвэл одоо 12 сар ажилласан, 50 сая төгрөгийн орлоготой байж болохоор зохицуулж буйг мэдэгдэж байна.




Улмаар ААН, эсвэл кластер хэлбэрээр ажиллан, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, цаашид үйлдвэрлэхээр зорьж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааг дэмжин, буцалтгүй тусламж олгох юм. Энэ талаар ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, “Түншлэлийн хөтөлбөр”-т ЖДҮ эрхлэгчдийг түлхүү хамруулах, боломж олгох үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагшаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ААН хамрагдах боломжтойг тодотгож байна. Нэг ёсондоо Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл “Түншлэлийн хөтөлбөр” болон өргөжиж буйг онцолж байна.


Экспортыг нэмэгдүүлэх ААН-д 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.


Гэхдээ ААН-үүд үйлдвэрлэлээ эхлүүлэх хөрөнгөө өөрсдөө гаргаж, шаардлагад нийцсэн, түүнийг хангасан нөхцөлд зарцуулсан зардлынхаа 50 хувийг эргүүлэн авах юм. Уг тусламжийн хэмжээ 20-500 сая төгрөг байх бөгөөд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авсан, зах зээлийн судалгаа хийсэн, зөвлөх үйлчилгээ авсан, энэ талын үйл ажиллагаанд сургалт, зөвлөгөө авах зэргээр хамрагдсан, лабораторийн туршилт хийж явуулсан зэрэг зардлыг багтаах боломжтойг мэдэгдэж байна. Тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, хувьцаа эзэмшигч нар нь улстөрийн нөлөө бүхий албан тушаал хашдаггүй байх зэрэг шалгууртай. Кластерт тавигдах шаардлага нь:

  • Кластерын толгой болон гишүүн аж ахуйн нэгж байх,
  • Кластерын хувьд гишүүн байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх,
  • Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна.

Төслийн талаарх мэдээллийг edp.mn хуудсаар дамжуулан авах боломжтойг дахин мэдээллээ.

 

 

相关新闻