Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байранд шалгалт хийхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-04 12:53:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тус салбарт аймгаас хийх ажлын мэдээллийг өгсөн юм.  Төлөвлөгөөг 4 зорилт, 23 арга хэмжээтэй баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хуулийн мэдлэг сайжруулах болон асаргааны сургалтыг зохион байгуулах, нийгэмшүүлэх, дэд бүтцийн ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.

Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс ажлын байр, хөнгөлөлттэй зээлтэй холбоотой саналыг нийтлэг байдлаар тавилаа. Аймгийн хэмжээнд 201 аж ахуйн нэгж Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлаар хангадаг ч хууль, тогтоомжийн хүрээнд зөрөлдөх зүйл олон байдгийг хэлж байв. Мөн тухайн иргэдийг ажиллуулахдаа ажлын цаг, орчин нөхцөлд төдийлөн хайхардаггүй учраас ажлын байрны үзлэг, шалгалтыг хийж өгөхийг хүслээ. 

Түүнчлэн урлаг, спорт, ажил хөдөлмөрөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага байгааг хэлж байсан юм. Хурлаас гарсан санал хүсэлтийг судалж, шийдвэрлэхийг аймгийн Засаг даргаас холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

相关新闻