Дорноговийн Политехник коллежид 660 гаруй оюутан сурагч суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-03 18:16:28

Дорноговь /МОНЦАМЭ/. НХХЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Политехник коллеж нь мэргэжлийн 22 багш, ерөнхий эрдмийн найман багш, хичээлийн хоёр байр, онолын хичээл сургалтын 16 кабинет, лабораторийн зургаан байр, дадлагын есөн байр, 120 хүүхдийн хүчин чадалтай оюутны дотуур байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг тус сургууль 2,5 жилийн сургалттай автомашины засварчин, барилгын засал чимэглэлчин, гагнуурчин, тогооч, барилгын цахилгаанчин зэрэг олон мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд эл сургуульд суралцах залуусын сонирхол ч их байдаг аж.

Мөн бэлэг дурсгалын зүйл урлаач, хэвлэлийн график дизайнч, нэг жилийн сургалттай автомашины засварчин, гагнуурчин, барилгын өрөг угсрагч, хүнд машин механизмын оператор, оёдолчин, хангамжийн нярав, хүлэмжийн аж ахуйн фермер, ТЗ-ын өртөөний жижүүр, вагон үзэгч, засварчин, ТЗ-ын замчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин зэрэг мэргэжлээр 660 гаруй оюутан сурагч суралцаж байгаа юм.

Цаашид 2022-2023 оны хичээлийн жилд автомашины механикч, иргэний барилгын техникч, цахилгааны техникч мэргэжлээр хүний нөөц бэлтгэхээр ажиллаж байгаа талаар сургуулийн захиргаанаас мэдээлэв.

Аймгийн Засаг дарга О.Батжаргал тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж сурагчид, эцэг эхчүүд, иргэдэд сурталчлах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, орон нутагт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд орон нутагтай хамтарч ажиллах талаар ярилцсан байна.

相关新闻