Карлос Гоны ажилтанд хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Токио хотын тойргийн шүүхээс Японы "Nissan" компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Грег Келлид санхүүгийн залилангийн хэргээр зургаан сар хорих ял оноожээ.
Тэрбээр “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоны ажилтан байсан юм. Шүүхээс мөн "Nissan" компанид 200 сая иений (1.7 сая орчим ам.доллар) торгууль ногдуулсан байна.
Японд санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсоны улмаас 2018 оны 11 дүгээр сарын 19-нд баривчлагдсан К.Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа Турк улсаар дамжин Ливан руу зугтсан юм. 2020 оны нэгдүгээр сарын 8-нд Бейрут хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр Японы албаны хүмүүс болон “Nissan” компанийн удирдлагуудыг түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж буруутгаж, прокурор, шүүхийн байгууллагуудыг хатуу шүүмжилсэн байна.
Токиогийн тойргийн шүүх К.Гоныг Японоос зугтахад тусалсан хэрэгт буруутай болох нь тогтоогдсон АНУ-ын Зэвсэгт хүчний тусгай албаны гишүүн асан Майкл Тэйлор, түүний хүү Петер Тэйлор нарт 2021 оны долоодугаар сарын 19-нд хорих ял оноосон байна. Майкл Тейлор хоёр жил, Питер Тейлор нэг жил найман сар хоригдох ялаар шийтгүүлжээ.