34 хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Ардын
Нам үүсэж хөгжсөний 101 жилийн ой, “Эх орончдын баяр”-ын өдөр тохиож байна.
Ойн баярын хүрээнд Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын
хорооноос Монгол Улсын Анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Монгол Улсын Ерөнхий
сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт
зохион байгууллаа.
Мөн эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ амжилт
гаргаж, халуун залуу насаа аймаг, орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө
зориулсан, зориулж яваа тэргүүний 34 хүнийг төрийн одон медалиар шагнан
урамшуулсан ба намын үе үеийн гишүүдийн төлөөллийг Засгийн газрын болон орон нутгийн шагналаар шагнаж, Монгол Ардын Намд шинээр элссэн гишүүдэд намын батлах үнэмлэх гардууллаа.
Баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын
бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг болон аймгийн удирдлагууд
оролцов.


