Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, холбогдох асуудал хариуцсан албаны хүмүүсийн хамт Технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо /ТУҮХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
ТУҮХ нь хөөсөнцрийн үйлдвэр, хөнгөн блокны үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр,
тоосгоны үйлдвэр, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, мах боловсруулах
үйлдвэр, өөх тос, ноос ноолуур боловсруулах үйлдвэр зэрэг 12 салбарт үйл
ажиллагаагаа явуулдаг юм байна.
Гишүүн байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр Монгол Улсын бүтээн
байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж байгаатай танилцжээ. Тухайлбал, хог
хаягдал дахин боловсруулах үйлдвэр нь агаарын болон орчныг бохирдуулагч хог
хаягдлыг дахин боловсруулж, гадаад зах зээлд гаргах, дотооддоо бүх төрлийн
хуванцар сав үйлдвэрлэж, ажлын байр бий болгож байгаа аж.
Засгийн газрын “Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын
дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн
үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2022 оны 5
дугаар сараас эхлэн түүхий болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглох
шийдвэр гаргасан.
ТУҮХ-ны гишүүн үйлдвэрүүд сайжруулсан түлшний 95 хувийг эзэлдэг баяжуулсан нүүрсийг хэрэглэдэг бөгөөд тэд шаардлага хангаж байгаа талаар холбогдох лабораториудаас дүгнэлт гарсан байна. Энэ хүрээнд асуудлыг судалж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан дэмжлэг үзүүлж, тус холбоотой хамтран ажиллахаар болов. Тус холбоо нь 80 байгууллагын 4000 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна.