Их насны уралдаанд 119 морь уралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймаг байгуулагдсны түүхт 93, Их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд энэ сарын 20-22-нд зохион байгуулсан баяр наадамд 119 их насны морь уралдахад Батсүмбэр сумын харьяат, сумын алдарт уяач П. Отгонбаатарын хар морь түрүүллээ.
Аман хүзүүнд Аргалант сумын харъяат, Дорлигжавын Амгаланбаатарын халтар, гуравт Заамар сумын харъяат, Лхагваагийн Шинэбилэгийн хамар цагаан хээр, дөрөвт Баянцагаан сумын Дөнгөтийн Бат-Өлзийгийн хүрэн орж, айргийн тавд Зуунмод сумын харъяат, Жинхүүгийн Баяртогтохын зээрд халзан хурдаллаа.
Залуу харваачид түрүүллээ
Энэ жилийн шагайн харваан тэмцээнд 12 багийн 115 тамирчин авхаалж самбаа сорисноос Үлэмж Дархан мэргэн н.Энхбат ахлагчтай, Баянцагаан сумын баг эхний байрт шалгарлаа. Удаах байрт Бүрэн, Зуунмод сумын тамирчид орсон байна. Ардын хувьсгалын 95,Төв байгуулдагдсны түүхт 93, Их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн баяр наадмын харваанд Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн нэг, Монгол Улсын үлэмж дархан зургаа, Монгол Улсын мэргэн долоо, харьшгүй мэргэн зургаа, аймгийн гоц мэргэн 30 оролцсон байна.
Аймгийн начин Э.Ууганбаяр түрүүлэв
Төв байгуулдагдсны түүхт 93, Их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн баяр наадмын хүрээнд энэ сарын 21-22-нд Зуунмодод үндэсний бөхийн тэмцээн боллоо. Барилдаанд 256 бөх хурд хүч сорисноос аймгийн начин, Баянчандмань сумын харъяат, Эрдэнэбилэгийн Ууганбаяр түрүүлж наадамчин олноо баясгав. Үзүүр түрүүнд аймгийн начин н.Ганжад тунаж үлдсэн байна. Энэ жилийн наадмаас аймгийн заан тав, харцага хоёр мэндэлжээ.
Заамар сумын Н.Шинэбилэгийн даага магнайлав
Баяр наадмын хурдан дааганы уралдаанд 84 хүлэг шандас сорьсноос эхний байрт Заамар сумын харъяа, Лхагваагийн Шинэбилэгийн хүрэн хурдаллаа. Аман хүзүүнд Угтаалцайдам сумын Нэргүйгийн Гантулгын сартай зээрд, гуравт Лүн сумын Данзандаржаагийн Галбадрахын шарга, дөрөвт Баян-Өнжүүл сумын харъяа,Гончигсүрэнгийн Түмэндэлгэрийн халиун, айргийн тавд Лүн сумын харъяа Долгорсүрэнгийн Ариунболдын хонгор халзан даага хурдалсан байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг