Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг томилов.
Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барих уу. Тавантолгойн 1072 хувьцааг яаж амилуулах гэж байна вэ, Оюутолгойн Дубайн гэрээг хэрхэн дүгнэж байна вэ, Эрдэнэтийн 49 хувь дээрх таны байр суурийг сонсмоор байна" гэсэн асуудлыг тодруулсан.
Нэр дэвшигч Ц.Дашдорж, "Эрдэнэтийн асуудлыг цаг хугацааны хувьд нарийвчлан авч үзэх ёстой. Дубайн гэрээний хувьд бид олон талаас нь ярьсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдэлгүй асуудлыг шийдсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. 1072 хувьцааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, Хөрөнгийн биржээр зараагүй учир дутагдалтай. Тооцоог хийгээд Засгийн газрын түвшинд ярина байх. Миний хувьд "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг үйлдвэрийнх нь хүрээнд шийдчих байх гэж бодож байна" гэв.
Ингээд байнгын хорооноос гаргасан саналыг үндэслэн сайдыг томилох эсэх асуудлаар санал хураалт явуулахад 96.5 хувийн дэмжлэг авлаа.
Ц.Дашдоржийн намтар
1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1990-1993 онд "Газрын тос" ХХК-д Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл" ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв. Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их хурлын гишүүнээр дахин сонгогдсон. Орос, англи хэлтэй.
Б.Туул