Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-22 22:07:16

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны эхэнд Шадар сайдын томилгоог авч хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, мөн Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийг бүрэн арилгахад анхаарах хэрэгтэй хэмээн өмнө нь захиж байсан гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Онцгой байдлын албыг хүчирхэгжүүлэхэд онцгойлон анхаараарай. Хоёрхон жилийн өмнө зүүн талын аймгуудаар түймэр гарахад онцгой байдлынхан хангалттай ажиллаж чадаагүй. Мөн шударга өрсөлдөөн Монголд байхгүй болоод удаж байгаа. Монголын төр олигархи компанийг хамгаалж, энгийн иргэдээ хамгаалж чадахгүй байгааг анхаараарай. Энэ томилгоог дэмжиж байна" гэв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Хамгийн гол МАН-д асар их итгэл хүлээлгэсэн. Намын мөрийн хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж, ард түмний итгэлийг даагаарай. Ард түмний аж амьдралыг өөд нь татаж ажиллана гэдгээ ухамсарлаарай. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандаарай. Ялангуяа сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллаж байгаа эсэхэд хариулт шаардаж ажиллах болно" гэлээ.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 95.3 хувиар дэмжлээ. 

У.Хүрэлсүхийн намтар

Улаанбаатар хотын унаган иргэн. 1968 онд төрсөн. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэсэн. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлын албыг хашсан. 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд,  Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Б.Туул

相关新闻