Хугацаатай үүрэг даалгавар өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 10:52:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт ачилт буулгалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан, орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа.

Мөн ачилт буулгалтын үеэр үүсэж буй тоос тоосонцор нь хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байгааг анхааруулж, орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулан цаашид тоосжилтыг бууруулах чиглэлээр тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгчээ.

Тухайлбал, ачилт буулгалтын талбай бүр нурмаг ачааг тоосжилтоос хамгаалах зориулалтын хашаа барьж байгуулах, ачилт буулгалтын доторх талбайг хатуу хучилттай болгох, хяналтын постоос ачилт буулгалтын талбай хүртэл замыг хайрган хучилттай болгох, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Мөн "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хуваарилагдсан талбайд мод бут тарьж, ургуулах, хуримтлагдсан хог хаягдал болон ачилт буулгалтын талбайн ойр орчмын ахуйн хог хаягдлыг тогтмол цэвэрлэж хэвших зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

Ташрамд дурдахад,  Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр суманд төмөр замын тээвэр, нүүрс тээврийн үйл ажилллагааг зохион байгуулах ачилт буулгалтын томоохон талбай байдаг бөгөөд энэ нь зарим үед иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байгааг албаныхан өгүүлсэн юм.

相关新闻