Олон улсын эх хэлний өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-02-21 09:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гоос 1999 онд зарласан "Олон улсын эх хэлний өдөр" өнөөдөр тохиож байна.


Эх хэл, соёлын олон янз байдал болон олон хэлний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлийг Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.

Энэ жилийн хувьд уг өдрийг "Олон хэлээр суралцахад технологи ашиглах нь: Бэрхшээл ба боломж" сэдвийн дор тэмдэглэж байна.
Технологийн дэвшил боловсролын тэгш хүртээмжийг хангах, саад бэрхшээлийг шийдэхэд томоохон үүрэг гүйцэтгэж, насан туршдаа суралцах боломжийг хангах таатай нөхцөлийг бүрдүүлж буй.

"КОВИД-19" цар тахлаас үүдэлтэй сургууль хаалтын үеэр дэлхийн олон улс орон суралцахуйн тасралтгүй байдлыг хангахад технологид суурилсан шийдлүүдийг өргөн ашигласан. ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, ЭЗХАХБ-ын 143 орны сургуулийн хаалтад үзүүлсэн үндэсний боловсролын хариу арга хэмжээний талаар хийсэн судалгаагаар өндөр орлоготой орнуудын 96 хувь нь онлайн платформоор дамжуулан дор хаяж нэг боловсролын түвшинд зайн сургалт явуулсан бол бага орлоготой орнуудын хувьд энэ нь 58 хувь байна. Ихэнх улс орон суралцахуйн тасралтгүй байдлыг дэмжихийн тулд телевиз 83 хувь, радио 85 хувь зэрэг өргөн нэвтрүүлгийн хэрэгслийг ашиглажээ.


Монгол Улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 8 дугаар сарын 25-нд ийм өдөртэй болох зарлиг гаргасан. Тус зарлигаар  9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлаж, Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.


相关新闻