Аймгийн төвийн геодезийн байнгын цэгүүдийг сэргээн тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-18 17:02:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын төвд устгаж үгүй болсон геодезийн байнгын цэгүүдийг дахин хэмжилт хийж тогтоох ажлыг "Инженер геодези" компанийн Геодези-геоматик групп гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өглөө.

Уг ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилтийг сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас шийдвэрлэсэн байна.

Шинээр тогтоосон нийт 20 ширхэг геодезийн байнгын цэгийг Геодези, зураг зүйн тухай хуульд зааснаар Өлгий сумын Засаг даргад хүлээлгэн өгч, төрийн хамгаалалтад авав.

Геодезийн байнгын цэг, тэмдэгт гэж байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээсийг хэлдэг байна.

Улс орны хил заагийн байршлыг тодорхойлохоос эхлэн жирийн иргэдийн хашааны булангийн цэгийн байршлыг тодорхойлох, бүх төрлийн замчлах систем, бүтээн байгуулалтын хэмжилт, зураглалын ажил, кадастрын зургийн хэмжилт хийх хүртэлх бүхий л төрлийн ажилд геодезийн байнгын цэг тэмдэгтийг ашигладаг ажээ. 

相关新闻