Хөвсгөл нуурын байгаль орчны цахим мониторингийн нэгдсэн систем байгуулах чиглэлээр ОХУ-тай хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэн Хөвсгөл нуурын байгаль орчны цахим мониторингийн нэгдсэн систем байгуулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү ажлын хүрээнд Монголд айлчлаад буй академич В.И.Бычковыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр хүлээн авч уулзав.
В.И.Бычков нь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Матросовын
нэрэмжит Системийн динамик, Удирдлагын онолын хүрээлэнгийн захирал бөгөөд
“Байгаль нуурын байгаль орчны төлөв байдлын цахим мониторинг,
шинжилгээний арга, технологи” сэдэвт цогц төслийн удирдагчаар ажилласан
эрдэмтэн юм. Тэрбээр өөрийн хүрээлэнгийн талаар болон “Байгаль нуурын
байгаль орчны төлөв байдлын цахим мониторинг, шинжилгээний арга, технологи”
төслийн үр дүнгийн талаар товч мэдээлэл өглөө.
Тодруулбал, Матросовын нэрэмжит Системийн динамик,
Удирдлагын онолын хүрээлэн нь төрөл бүрийн шинж чанартай объектуудын математик
загварчлал, хяналтын онолын аргачлал боловсруулах, мэдээллийн шинэ
технологиудыг хөгжүүлэх, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
“Байгаль нуурын байгаль орчны төлөв байдлын цахим
мониторинг, шинжилгээний арга, технологи” төслийн хувьд гол зорилго нь
Байгаль нуур орчмын хүрээлэн буй орчны олон эх үүсвэрийн төрөл бүрийн орон зай, цаг хугацааны өгөгдлүүдийг цуглуулах, хадгалах, тэдгээр өгөгдлийг машин
сургалт, хиймэл оюуны аргаар боловсруулах, загварчлах ба цахим платформд
суурилсан нэгдсэн мониторингийн систем байгуулах, хөгжүүлэхэд чиглэжээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Та бүхний хэрэгжүүлэхээр зорьж буй энэхүү төсөл Монгол Улсад, тэр дундаа байгаль орчин, экологи, цаашлаад хүн амын эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг хөндсөн чухал ажил юм. ШУА-ийн хувьд харьяа хүрээлэнгүүдийн мэдээллийн санд байгаа бүхий л мэдээллээ та бүхэнтэй хуваалцаж энэ төслийг дэмжиж ажиллах болно. Мөн энэхүү төсөлд ШУА-иас гадна МУИС, ХААИС, АШУҮИС-иуд зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай” гэлээ.