Австралийн ЭСЯ-наас 5 сая төгрөгийн үнэ бүхий ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-16 18:24:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Австрали Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан хамтран “Орон нутгийн номын санчдыг чадавхжуулах" сургалтыг Баян-Өлгий аймгийн Төв номын санд энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Номын санчдад зориулсан уг сургалтыг Австралийн Засгийн газрын тэтгэлгийн төгсөгч, Үндэсний номын сангийн мэргэжилтэн М.Даваасүрэн, Анагаах ухааны Төв номын сангийн захирал Д.Баярцэнгэл нар удирдан явуулж, номын сангийн нэгдсэн систем, автоматжуулалт, каталогижуулалт нийтийн үйлчилгээ, орчин үеийн нийтийн номын сангийн жишиг үйлчилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн Австралийн ЭСЯ-наас тус номын сангийн программ хангамжийг шинэчилж, хүүхдийн номын сангийн хөмрөгийг баяжуулах зорилгоор боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, утга зохиолын нэн хэрэгцээтэй 5 сая төгрөгийн үнэ бүхий монгол, англи ном хандивлав.

Хандивын дээжийг ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх аймгийн Төв номын сангийн захирал Д.Алтынгүлд хүлээлгэж өглөө.

相关新闻