Онцгой байдлын газраас “Аюулгүй галлагаа” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-16 15:25:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас “Аюулгүй галлагаа” аяныг өнөөдрөөс улсын хэмжээнд өрнүүлж байна.

Тус аян нь галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, стандарт, норм, гал түймрийн улсын хяналтын дүрмийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах, объектын гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготой аж.

Аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид айл өрхүүдээр орж иргэдэд аюулгүй галлагааны талаар заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, залгуур гэмтэлтэй, яндангийн залгаа буруу, үнс нурмаа ил задгай асгадаг, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй, угаар мэдрэгч ажиллагаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг албаны хүмүүс хэлж байна.  

Иймд:

- Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх;

- Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах;

- Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх;

- Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх;

- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

- Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх;

- Галлагааны үе эхлэхээр угаартах эрсдэл ихэсдэг тул яндангаа хөөлөх, зөв галлах, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, агааржуулалтыг тогтмол хийхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

相关新闻