Уулын бор үүлдрийн ямааны цөм сүргийг Баян-Өлгий аймагт үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-08 16:04:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол ямааны дотроос биеэр том, ноолуурын гарц ихтэй бүдүүн ноолуурын /кашгор/ чиглэлийн "уулын бор" үүлдрийн ямааны цөм сүргийг Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд үржүүлж байна.

Тухайн үүлдрийг Монгол Улсын гавьяат зоотехникч М.Жумагали, мал зүйч Х.Өмирзах, М.Асхар, Н.Бадила нар нутгийн ямааг ОХУ-ын Горно-Алтай үүлдрийн ухнаар хоёр үе шаттайгаар эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийн ямааг өөр дотор нь үржүүлэх замаар гарган авчээ. Улмаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1991 оны А/23 дугаар тушаалаар шинэ үүлдрийн ямаагаар баталгаажуулсан байна.

Уулын бор ямаа нь Монгол Алтайн нурууны цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон, монгол үүлдрийн ямаатай харьцуулахад бие том, ноолуурын гарц 2-3 дахин их, ихэрлэлт өндөр, сүүлэг шинжээр давамгай аж. Бүх ямааны 98-99 хувь нь эвэртэй, үндсэн зүс нь хар, саарал, бор. 4-5 сартай сэрхийн амьдын жин 55-65 кг, ноолуурын гарц 1-1,2 кг хүрнэ.

Одоо Баяннуур суманд үржүүлж байгаа цөм сүргийг Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын ямаан сүрэгт сайжруулагчаар ашигладаг.  Улсын хэмжээнд тухайн үүлдрийн 20 орчим мянган толгой ямаа үржүүлж байна.

Цаашид сүргийн ноолуурын гарцыг нэмэгдүүлэхгүйгээр тохиромжтой хэмжээнд байлгах, ноолуурын голч, жигд чанар, өнгө зэрэг шинж чанарыг сайжруулахад үржил селекцийн ажил чиглэгдэж байгаа ажээ.

相关新闻