Цагаан сарын баярын үеэр цагдаагийн 76 алба хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-03 16:58:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт цагаан сарын баярын үеэр гэмт хэргийн нэг, зөрчлийн хоёр дуудлага ирлээ гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн үйлдэл, дуудлага бага зэрэг нэмэгдсэн. Зам тээврийн ноцтой осол зөрчлийн хэрэг бүртгэгдээгүй, онц ноцтой гэмт хэргийн дуудлага ирээгүй байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэхээр цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын шийдвэр гарсантай холбоотой иргэдийн хөдөлгөөн бага байна. Аймгийн хэмжээнд “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн газраас явуулж байна. Энэ хүрээнд тус цагдаагийн газраас аймгийн хэмжээнд нийт 78 алба хаагч 32 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна гэв.

Орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавьж байгаа

“Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто замын хяналтад 10 алба хаагч, морьт эргүүлд 46 алба хаагч, явган эргүүлд 12 алба хаагч, автомашинт эргүүлд 10 алба хаагч ажиллаж байна.

Сар шинэ-2022 нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуух хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлээс хөдөө рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооч зорчигчид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Нэгдүгээрт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах хэрэгтэй. Хоёрдугаарт ачаа тээврийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Хүн болон ачааг  даац хэтрүүлэн хамт ачих зөрчил их байна. Мөн тээврийн хэрэгслийн норм, даац хэтрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Орон нутгийн замд халтиргаа гулгаа их байгаа учраас автомашины хурдыг тааруулж зорчих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэв. 


相关新闻